Чингис хаан Үндэсний музей үйл ажиллагаагаа эхэлснээс хойш орон нутгийн музейн байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ удаад Төв аймгийн Баянхангай сумын Орон нутаг судлах музейн Богд хаант Монгол улсыг сэргээх, тулалдааны дурсгалын танхимыг тохижуулан түүхэн үйл явдалд холбогдох ханын хэвлэл материалыг шинэчлэн хэвлүүлж хүлээлгэн (2025.09.04) өглөө.
Танхимыг Соёлын төвд хүлээлгэн өгөх үеэр ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, түүх, биологийн ШУ-ны доктор Сергей Кузьмин "Монгол орон ба Барон Р.Ф.Унгерн" сэдэвт олон нийтэд зориулсан танин мэдэхүйн лекцийг уншиж, сумын удирдлага, албан байгууллагын ажилтнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцлоо.
Лекцээр Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх хамгийн сүүлийн тулаан буюу 1921 оны 03 сарын 31-нээс 4 сарын 2-нд Төв аймгийн Баянхангай сумын нутаг Талын улаан хад, Халиун толгойд болсон шийдвэрлэх тулааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн хэлтсийн эрхлэгч, доктор Г.Бямбарагчаа түүх соёлоо судлах нь чухал болох талаар онцолж, сумын номын санд Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн гаргадаг ном, сэтгүүлийн дээжээс гардуулав.
Мөн тулалдаан болсон Талын улаан хад, Халиун толгойд очиж түүхэн үйл явдлын тухай тайлбарт экскурсыг сумын музейн ажилтнуудад зохион байгуулав.
Энэ үеэр сумын Засаг дарга Л.Болортуяа “Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамгийн сүүлийн шийдвэрлэх тулаан манай сумын нутагт болсон гэдгийг мэдэж авлаа. Нутгийн иргэд, хүүхэд залуучууд өөрсдийн түүхээр бахархах, лавшруулан судлахад чухал түлхэц боллоо” хэмээн онцлов.