image
clock
2025-09-18
МОНГОЛЧУУДТАЙ ХОЛБОГДОХ НЬ: НЭГЭН ЦҮНХНИЙ ТУХАЙД” ЛЕКЦИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн цуврал лекцийн хүрээнд, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны 14:00 цагт Чингис хаан Үндэсний музейд Лондоны Их Сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхий тухайд” сэдэвт лекцээ олон нийтэд зориулан танилцууллаа.

Их Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагчид Их Монгол улсыг байгуулснаараа Монголын Эзэнт гүрний үндсийг тавьж, Умард Алтан улс, Хорезмын хаант улс, Дундад Ази, Умард Кавказ, Орос болон Польш, Унгар зэрэг улс орнуудыг байлдан дагуулж, өрнө, дорныг холбосон торгоны их замыг сэргээн, аюулгүй байдлыг нь хангажээ. Ийнхүү даян дэхийн өв соёлыг нэгэн дээвэр дор нэгтгэгдсэн билээ. 

Тус лекцээр танилцуулж буй Иракийн Мосул хотоос олдсон цүнх нь гуулиар хийж, алт, мөнгөн шигтгээ суулгаж, түмэн наст хээг исламын уламжлалт гоёлтой хослуулан чимэглэсэн бөгөөд уг цүнхэнд Монголын хаад хатад, язгууртныг дүрсэлсэн, Илхаант улсын Монгол хатны гар цүнх хэмээн судлаач Суссан Бабаи онцолсон. Гууль, алт, мөнгө зэрэг үнэт металлыг хослуулан урлах технологи дээд түвшинд хүрч хөгжиж байсны нэгэн баталгаа бүхий хосгүй үнэт өв болохын зэрэгцээ, мөнхүү Евроазийн соёл хоорондын нэгдэл бий болж, өвөрмөц хэв маяг үүсэх болсны нэгэн чухал баримт болж үлджээ.

Чухал сэдвээр лекц танилцуулсан профессор Суссан Бабаи болон лекцэнд хүрэлцэн ирж, хэлэлцүүлэгт оролцсон хүндэт зочид та бүхэнд гүн талархал илэрхийлье.