
Түүх, соёлын өвийг олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музейд худалдаж авсан болон хандиваар хүлээн авсан үзмэрүүдээр “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэнг музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд /2025.10.17/ нээлээ.
Чингис хаан Үндэсний музейн баяжилтад 2022 оноос өнөөдрийг хүртэл шилжин ирж, сан хөмрөгт хадгалагдаж өмнө нь ил гарч байгаагүй шилдэг үзмэрүүдийг нэгтгэж ийнхүү олны хүртээл болгож байгаа юм.
Шилдэг үзмэрүүдээс:
- Монголын түүхийн нэгэн том эх сурвалж болох “Болор толь” эх хувираа XVIII-XIX зуун
- “Чингис хааны түүх” хэмээх түүхийн эх сурвалж Франц улсад 1677 онд бичигдсэн
- Чингис хааны 800 жилийн ойд зориулан гаргасан Чингис хаан тусгай марк 1962 он
- Ардын зураач Л.Амгалангийн “Хар зүрхний хөх нуур” 1990 он
- Монгол Улсын энхийг сахиулагчдад зориулан гаргасан “Чингисийн баатрууд ирлээ” Сьерра Леоне Монгол марк цуглуулга гэх мэт нийт 150 гаруй үзмэрүүд энэ сарыг дуустал дэлгэгдэх тул, үзэгч таныг хүрэлцэн ирж, мэлмийгээ баясгахыг урьж байна.