
Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх зорилготой “ITM- Монголиа-2025” уламжлалт үзэсгэлэн 26 дахь жилдээ Улаанбаатар хотноо, Мишээл экспо төвд энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Чингис хаан Үндэсний музейгээс олон улсын “International Travel Mart-2025” аялал жуулчлалын үзэсгэлэнд Хэнтий аймгийн Аялал жуулчлалын газар, тус аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран оролцсон юм.
Уг үзэсгэлэнгийн үеэр музейн харьяа “Их хуралдай” аялал жуулчлалын цогцолборын танилцуулгыг хийж, 350 гаруй үзэгчдэд тайлбар мэдээлэл өгөхийн зэрэгцээ зарим гадаад, дотоодын байгууллага аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
International Travel Mart үзэсгэлэнд 19 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын гэх мэт 300 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улс орнуудаас БНТУ-ын аялал жуулчлалын байгууллагууд оролцож,бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан байна.