
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй “Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун (2025.11.05) оролцож байна.
Унгарын Нийтийн Соёлын өвийн агентлаг, Унгарын Үндэсний музей хамтран “Евразийн иргэншлийн үүсэл ба салбар хоорондын хамтын судалгаа- Археологийн соёлын сүлжээ тэдгээрийн харилцан нөлөөлөл”" олон улсын хурлыг музейн захирал, Академич С.Чулуун нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Хүннүгийн судалгааны хамгийн томоохон дурсгалт газар нь Монгол улс бөгөөд сүүлийн 100 жилд хийгдсэн судалгааны үр дүнг Чингис хаан Үндэсний музейд тавьж, дэлхий нийтэд сурталчилж байна.Тус музейгээс сүүлийн жилүүдэд Хүннүгийн томоохон судалгааны ажлыг эхлүүлж, хүннүгийн язгууртны цогцолбор булшнуудыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн танилцуулав.
Хүннүгийн язгууртны цогцолборт газрын хамгийн томоохон нь болох Гол мод 1, 2 , “Ноён уулын дурсгал”, “Тахилтын хотгор”, Төв аймгийн Баянцагаан сум дахь “Чихэртийн зоо”, Хэнтий аймгийн “Дуурлиг нарс” зэргийг дэлхийн өвд бүртгүүлэх эцсийн хуралдаан 2026 онд болно.
Мөн энэ үеэр Унгарын Үндэсний музейн захирал Габортай уулзаж, ирэх оны аравдугаар сард Европ дахь Аттилагийн үеийн Хүннүчүүдийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд гаргах яриа хэлэлцээрийг амжилттай хийлээ.
Энэхүү олон улсын хуралд Унгарын Үндэсний музей, ШУА-ийн хүрээлэнгүүд, Унгар судлалын хүрээлэн, БНХАУ, ОХУ-ын Татарстан, Монгол улсын ШУА-ын Археологийн хүрээлэн, Казахстаны ШУА-ийн судлаачид оролцож буй.