
Өнөө цаг үед улс орнуудын орших эс орших нь технологийн хөгжлөөр бус, хүн амын өсөлт, угсаа гарвал, түүхийн тодорхой цаг хугацааг дамжин хадгалагдан ирсэн түүх, соёлоос хамааралтай болсоор байна.
Чингис хаан Үндэсний музейн захиалгын дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Алтанбүргэд “Соёлын өвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соёлын өвийн өнөөгийн байдлын талаарх сургалтыг музейн ажилтнуудад (2025.11.14) орж, харилцан ярилцлаа.
Соёлын өв нь тухайн ард түмний хэдэн зуун жилийн турш бүтээн бий болгосон, туурвисан цаг хугацаа, орон зайг туулан шалгарсан үнэт зүйлсийн тогтолцоо юм. Монгол Улс нь 1990 онд “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-д, "Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти" зэрэг олон улсын олон баримт бичигт нэгдэн орсон аж.
Соёлын өв нь төрийн байгууллага болон хууль эрх зүйн хамгаалалтад байдаг хэдий ч соёлын өвийг гэмт халдлага болон бусдын мэдлэггүйн улмаас устаж сүйдэхээс хамгаалах, соёл өвийн асуудалд хүндэтгэлтэй хандах нь иргэн Таны үүрэг.