image
clock
2026-02-12
АКАДЕМИЧ С.ЧУЛУУН: БРИТАНИД БАЙГАА МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ЦОГЦООР НЬ ДЭЭЖЛЭН ХЭВЛҮҮЛСЭН АНХНЫ ТОХИОЛДОЛ

Монголчуудын олон үеийн түүх, соёлын холбоотой зүйл дэлхийн олон оронд хадгалагдсаар байдаг. Түүнийг эрж, хайж олох хамтран судлах хэвлэн нийтлүүлэх зорилгоор 2014 оноос эхлүүлсэн“Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Британид хадгалагдаж байгаа Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэн “Британи дахь Монголын түүх соёлын өв” нэртэйгээр хэвлүүлэн нээлтээ (2026.02.12) хийлээ. 

Энэхүү 13 дахь цуврал номын зохиогчоор Монголын талаас Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Английн талаас Монголын бурхны шашны судалгаанд онцгой гавьяа байгуулсан чөлөөт судлаач Сью Бөрнэ удирдаж, Британийн эзэн хааны Азийн нийгэмлэг Кембрижийн Их сургууль, Эдинбург, Британийн Их сургуулийн номын сан, Британийн музей судлаачдаас бүрдсэн мэргэжлийн өндөр түвшний олон улсын судлаачид оролцож хамтран бичиж хэвлэн нийтлүүлсэн байна. 

Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн гаргаж буй “Дэлхийд тархсан өв” төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү 13 дахь цуврал нь хамгийн хүнд адармаатай цагийг туулж өнөөдөр олон нийтийн хүртээл болж байгаад бахархаж байна.Энэ ном нь түүхийн судалгаа төдийгүй Монголын өв соёлын дэлхий дахинд тархсан судалгааны өвийг цогцоор нь хэвлэсэн анхны алхам. Британид байгаа өвүүдийг цогцоор нь дээжлэн сонгож хэвлүүлсэн нь анхны тохиолдол гэдийг номыг зохиогч Академич С.Чулуун онцоллоо. 

Тус номын нээлтэд ерөнхий редактор Сью Бөрнэ Лондоноос цахимаар оролцож “Монголын түүх, соёлын өв” цувралын Их Британи ботийн Ерөнхий редактораар ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. Учир нь энэхүү нэр хүндтэй цувралын өмнөх ботиуд өндөр жишиг тогтоосон. Бид судалгаагаа Их Британийн хамгийн нэр хүнд бүхий Британийн музей болон Британийн номын сангийн цуглуулгуудаас эхлүүлсэн. Британийн музей саяхан Иль хант Улсын үеийн керамик, металл эдлэлд зориулсан шинэ танхимыг нээж, Иль хант Улсын шаазан, металл эдлэлийн тусгай үзүүлэнг дэлгэсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь энэхүү номд багтсан. Миний бие Британийн номын сангийн Стейний цуглуулгад Хар Хотын ойролцоо Эзэнголоос цуглуулсан Монгол бичгийн зарим эхүүд хадгалагдаж байсныг олсон. Эрдэнэсийг олох хүнд эрэл, амаргүй үеүдэд итгэл, урам өгч хамтран ажилласан бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Энэхүү боть нь Британид цаашид илүү өргөн хүрээнд судалгаа хийж, өөр олон эрдэнэсийг нээн илрүүлэх эхний алхам болно гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ.  

Номонд орсон онцгой бүтээлүүдээс дурдвал, Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, Иль хант улсын түүхэнд холбогдох Монгол хатны алдартай цүнх, Өндөр гэгээн Занабазарын Дэмчиг бурхан, Сайн ноён хан Намнансүрэнгийн Их Британийн хаан тавдугаар Жоржид илгээсэн захидал, Цагаадай улс, Юань гүрний үеэс эхлэн XX зууны эхэн үе хүртэлх түүхэнд хамаарах эд зүйлсийг түүвэрлэн оруулсан байна. 

Энэхүү бүтээл нь 12 жилийн хугацаанд ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвег, Герман зэрэг улс орнуудын музей, номын сан, архив болон хувь цуглуулагчдад хадгалагдаж буй Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр нийт 13 цуврал боть болгон хэвлүүлээд байна.