image
clock
2026-02-25
БРИТАНИД "МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ӨВ” НОМЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Британид хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэсэн “Британи дахь Монголын түүх, соёлын өв” номын нээлт (2026.02.23) боллоо.

Нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ”Өнөөдөр бидний уулзах шалтгаан нь “Британи дахь Монголын өв соёлын дурсгал” энэхүү хамтын бүтээл юм. Миний бие өнгөрсөн 20 орчим жилд 34 улсын 70 орчим номын сан, архив, музейн сан хөмрөгтэй танилцсан байна. Тэдгээрийн дотроос хамгийн гайхалтай нь Их Британи улс гэж хэлж болно. Энэхүү номыг хариуцаж Британий олон байгууллагуудтай холбоо тогтоож, редактораар ажилласан хатагтай Сью Бөрнэ-гийн хичээл зүтгэл, хөдөлмөр, зарцуулсан цаг хугацаанд гүнээ талархаж байна.Монголын түүх соёлын судалгаа, танин мэдэхүйд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн номд оролцож текст бичиж, Монголтой холбоотой дурсгалуудаа харамгүй бидэнд хэвлэн нийтлүүлэх боломж олгосон бүх оролцогч нартаа болон хамтран ажилласан Элчин сайд яамныханд талархаж байна. Цаашид бидний зүгээс болон Чингис хаан Үндэсний музейгээс та бүхэнтэй илүү олон ажлыг хийж гүйцэтгэх болно” гэлээ.

Мөн Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх хэлэхдээ Монголын түүх, соёлын нандин өвүүдийг эрэн сурвалжилж, урт хугацаанд мэргэжлийн түвшинд нарийн судлан нийтлэн хэвлүүлсэн нь Монголын ирээдүй хойч үе болон олон улсад түүх, соёлоо сурталчлан таниулах төдийгүй Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй чухал алхам” гэдгийг онцлон дурдав.

Энэ үеэр тус номын ерөнхий редактораар ажилласан Сью Бөрн тус бүтээлийг эхлүүлсэн түүх, судалгааны үйл ажиллагаа, онцлог, номд орсон соёлын нандин өвүүдийн танилцуулга мэдээллийг хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд төслийн баг хамт олон, Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Фиона Блайт, Британийн хамтран ажилладаг байгууллагуудын болон Монголчуудын төлөөлөл оролцлоо.

Дашрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музейн зүгээс ирэх зургаадугаар сард Лийдсийн Хааны зэвсгийн музейд Чингис хаан үзэсгэлэн, 2027 онд Монголын эзэнт гүрний урлагийн нөлөөний тухай үзэсгэлэнгүүд Британи улсад танилцуулахаар ажиллаж байна.