
Монголын үндэсний биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор Төв аймгийн Зуунмод хотод ССАЖЗЯ-ны захиалгаар “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г бүтээн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус музей нь олон улсын түвшинд хүрсэн шаардлага хангасан барилга байгууламж бүхий сэргээн засварлах, судлан шинжлэх лабораторийн хамт ашиглалтад орсноор археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжрахын зэрэгцээ боловсрол, шинжлэх ухааны танин мэдэх олон талт нээлттэй орон зай бий болж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Тус музейн барилгын ажлын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх газар дээр нь очиж биечлэн (2026.04.08) танилцлаа.
Энэ үеэр тус музейн ашиглалтад оруулах Ажлын хэсгийг хавсран хариуцагч, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун музейн талаар танилцуулга хийх үеэрээ анх музей байгуулах шийдвэрийг одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ гаргаж байсан. Тус музей нь олон улсын стандартад нийцсэн лаборитори, хүүхдийн музей, номын сан зэргээс бүрдэнэ. Биет болон биет бус өвийг судлах, засварлах, сурталчлах цогц төв болох бөгөөд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ” хэмээв.
Музейн барилгын гүйцэтгэл, инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна заслын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныхан оролцож, танилцуулга хийн барилгын ажлын явц,тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Энэхүү музей, лаборатори нь орон нутагт баригдаж буй үндэсний хэмжээний соёлын өвийн бүтээн байгуулалт бөгөөд ирэх оны эхний хагас жилд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд, ажлын явц одоогийн байдлаар 80 гаруй хувьтай хэрэгжиж байна.