
Олон Улсын Музейн өдөр жил бүрийн тавдугаар сарын 18-нд тохиодог. Энэхүү тэмдэглэлт өдөр үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй 44 музейн 250 гаруй мэргэжилтэн, судлаачид, их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон "Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тун удахгүй ирэх сард Чингис хаан Үндэсний музейд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” ОУ-ын музейн захирлуудын нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Евроазийн музейн удирдлагууд нэгэн дээвэр дор анх удаа чуулах гэж байна.
Энэ жилийн Олон Улсын Музейн зөвлөлөөс дэвшүүлсэн“Хуваагдмал дэлхий ертөнцийг нэгтгэж буй музейнууд” уриа нь бид нэг дэлхий, нэг хүн төрөлхтөн гэдгийг Чингис хаан үүтгэн буй болгож Монголын амар амгалан буюу PAX MONGOLICA-г бий болгож Евроазийн их солилцоог түүхэнд бий болгосонтой нийцэж буйгаараа онцлогтой.
ССАЖЗЯ, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын Үндэсний музей, ОУ-ын музейн зөвлөл (ICOM)-ийн Монголын үндэсний хороо, Чингис хаан Үндэсний музей, Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулсан дээрх хурал үндсэн дөрвөн чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүлэн салбарын хөгжилд дүн шинжилгээ хийж, ирээдүйн зорилгоо тодорхойллоо.
- Монголын музейн үзэл баримтлал, нийгмийн хариуцлага
- Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, улсын тооллого
- Тогтвортой хөгжил, боловсрол, олон нийтийн оролцоо
- Дижиталчлал, инноваци, шинэ технологи
Хурлыг нээж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ Аялал жуулчлал нь Монгол Улсын тэргүүлэх салбар. Тиймээс музейг аялал жуулчлалтай холбох, музейг бүхэлд нь цахимжуулан дижитал орон зайд гаргаж цахим ертөнцөд музейг сурталчлах, төсвийн хараат байдлаас гарч орлогоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов.
Олон Улсын Музейн өдрийг анх 1977 онд ЮНЕСКО-ийн харьяа ОУ-ын Музейн зөвлөл (ICOM) нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах үүднээс санаачлан зарлаж, Монгол Улс 2003 оноос хойш энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.