image
clock
2026-05-25
ФРАНЦ ДАХЬ МОНГОЛЫН ӨВ СОЁЛЫН ДЭЭЖ ХЭВЛЭГДЭНЭ

Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг Академич С.Чулуун 2014 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 13 боть бүтээл хэвлэгдэж олны хүртээл болоод буй.

Энэ удаад “Дэлхийд тархсан Монгол өв” 14 дэх бүтээлийг Франц Улсын Парис хотноо Монгол Улсын ЭСЯ-нд Францын Монгол судлалын холбооны тэргүүн, Монголын бурханы шашин, соёлын нэртэй судлаач Изабел Шарлө, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нар “Франц дахь монголын түүх, соёлын өв” хамтын бүтээлийг нийтлүүлэх гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүд хандаж Академич С.Чулуун хэлэхдээ, бидний хамтын бүтээл хэвлэгдэн гарснаар Франц-Монголын түүх, соёлын харилцаанд томоохон өөрчлөлтийг авчирч, эрдэмтдийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, соёлын өвийн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах болно. Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол-Францын соёлын харилцаанд онцгой гавъяаг байгуулж “Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг 2023 онд Франц улсын Нант хотын Нантын түүхийн музейд гаргаж өгсөнд талархаж явдагаа илэрхийллээ.

Франц улс нь Монголын түүх соёлтой холбоотой томоохон газруудын нэг бөгөөд, Францын Лувр, Сэвр, Брэнли, Азийн Урлагийн Гимэ музей, Францын Үндэсний архив, Үндэсний Номын сан, сүм хийд зэрэг 30 гаруй байгууллагад хадгалагдаж байгаа монголын түүхийн ховор нандин, өмнө хэвлэгдээгүй эд өлгийн зүйлс, ховор гэрэл зургийг дээжлэн бүтээлдн нийтлүүлнэ. Түүнд Рубрукийн тэмдэглэл, Иль хант улсын хаадын захидал, Керамикийн урлалын бүтээлүүд, Юань улсын эд өлгийн дурсгал, шаазан эдлэл, монголын угсаатны зүйн эд өлгийн болон шашин шүтлэгтэй холбоотой 300 гаруй дурсгалууд багтах юм.

Дэлхийд тархсан Монгол өв бүтээл нь Монголчуудтай холбоотой түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр 13 цуврал хэвлэгдсэн, цаашид үргэлжилсээр нийт 20 бүтээл гарна.

Франц дахь Монголын түүх, соёлын өвийг хэвлэн нийтлүүлэх ажлыг анх гурван жилийн өмнөөс эхэлж байсан бол ийнхүү бодит ажил хэрэг болж уншигчдын гар дээр ирэхэд тун ойртож байна.