
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдсанаар шинжлэх ухааны олон талт салбарыг хөгжүүлэх эхлэл тавигдсан. Энэ үеэс эхлэн судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн судлаачид оюутнуудаас Монгол Улсын бүрэлдэхүүнд байсан угсаатны бүлгүүд дэх угсаатны зүйн асуудлаар судалгааг хийж эхэлсэн байна.
Чингис хаан Үндэсний музейгээс “Монгол-Оросын соёл иргэншил хоорондын харилцаан дахь угсаатны соёлын хүчин зүйлс: Өнөөгийн чиг хандлага ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний дугуй ширээний уулзалт (2026.08.13) хийлээ.
Уулзалтыг Музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, антропологийн ухааны доктор Г.Бямбарагчаа нээж, Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний экспедицийн судалгааны ажил 1960-аад оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Түүний үргэлжлэл болсон өнөөдрийн хурлаар хоёр улсын эрдэмтдийн төлөөлөл оролцож угсаатны зүй,соёлын судалгааны ажлын үр дүнгээр хэд хэдэн илтгэлийг хэлэлцүүлнэ гэв.
Эхний илтгэлийг “Соёл иргэншлийн улс төр судлалын судалгаан дахь Монголын эх сурвалжууд” сэдвээр А.С.Железняков, ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн тэргүүн, улс төрийн ухааны доктор тавилаа.
Хоёр дахь илтгэлийг “Монгол Улсын ШУ-ны байгууллагаас угсаатан судлалын чиглэлээр явуулсан үйл ажиллагаа 1924-1930-аад он” сэдвээр Чингис хаан Үндэсний музейн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батдорж хэлэлцүүлээ. Тэрээр илтгэлдээ, Зөвлөлтийн судлаач А.Д.Симуковын судалгааны талаар танилцуулж, түүний судалгааны гол чиглэл нь монгол орны физик газарзүйн судалгааг хийж жилийн дөрвөн улирлдын нүүдлийн байдлаас хамаарч 6 хэв маягт хуваан хангайн, талын, дорнодын говийн хэв маяг ялгаатай гэж үзэж 1934 онд БНМАУ-ын физик газарзүйн хэмээн томоохон бүтээл туурвиж, хожмоо 2007 онд хэвлэгдсэн. Энэхүү бүтээл нь Монгол орны газар зүй, байгаль цаг уур, МАА, хүн ам зүй зэрэг өргөн хүрээг хамарсан томоохон бүтээл болсон. Уг бүтээлд БНМАУ-ын хүн ам зүйн судалгааг анх удаа бодитой судалж, угсаатны бүлгүүдийг Монгол, Түрэг, Манж-тунгус, бусад гэсэн байдлаар Оросын судлаачдын уламжлалт ангиллын дагуу авч үзсэн. Түүний бүтээл нь XX зууны Монгол угсаатны аж байдал, ахуй соёл, зан заншил, гэр бүл, хүн ам зэрэг угсаатан судалалын тулгуур суурь сэдвүүдийг хөндсөн томоохон судалгаа болсныг тодотгов.
Мөн Т.Н.Литвинова ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн ОУ-ын дээд сургуулийн профессор “Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцаан дахь угсаатны хүчин зүйлсийг хээрийн судалгааны аргаар судалсан туршлага”, Ж.Долгорсүрэн СУИС-ийн тэргүүлэх багш, профессор “Орос, Монголын соёл иргэншилийн харилцаан дахь угсаатны хүчин зүйлийн судалгааны өнөөгийн байдал”, С.В.Никифоров ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, “Орос, Монголын хил орчмын бүс нутаг иргэншил хоорондын харилцааны тулгуур болох нь”, Н.Гонгоржав Чингис хаан Үндэсний музейн ЭШ-ний дэд ажилтан “Монголын баруун бүс нутаг дахь ард түмний соёлын харилцаа, итгэл бишрэлийн асуудалд”, О.А.Кочеткова ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн ОУ-ын дээд сургуулийн Одинцовын салбарын Бүс нутгийн удирдлага, үндэсний бодлогын тэнхимийн багш “Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцаан дахь эдийн засгийн асуудлууд” сэдвээр судлаачид тус тус илтгэлүүдээ хэлэлцүүллээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд судлаачдын судалгааны үр дүнгээр ОХУ болон Монгол улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, хамтарсан судалгааг улам өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.