image
clock
2026-08-19
НҮҮДЭЛЧДИЙН УРЛАХУЙ УХААН НЬ НЭГ ҮНДЭСТНИЙ УР ЧАДВАРЫН ИЛЭРХИЙЛЭЛ БУС, ӨРГӨН ХҮРЭЭНИЙ СУДАЛГААНЫ СЭДЭВ

Монголын музейн салбарт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн оруулсан хувь нэмэр, музей дэх Монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн талаар судалсан үр дүнг хэлэлцэх зорилгоор “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт Эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн Их танхимд (2026.08.18) зохион байгууллаа.

Уг хурлаар тус музейн сан хөмрөг дэх нэн эртнээс XX зууны эхэн үеийн үзмэр цуглуулгын судалгааны дүн, Өндөр гэгээний зарим бүтээлийн материал ур хийцийн онцлог, Хүрээ хамба Агваанхайдавын зохиосон урлахуйн ухааны бүтээл, марзан Шаравын эх бүтээлийн шинжилгээ монгол шатар зэргийг нарийвчлан шинжилсэн талаар эрдэмтэн судлаачид 23 илтгэл хэлэлцүүлж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус музейн захирал П.Байгалмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь зөвхөн өнгөрсөн үеийн өвийг дурсах уулзалт биш. Нүүдэлчдийн урлахуй ухаан нь зөвхөн нэг үндэстний ур чадварын илэрхийлэл бус, Төв Азийн нүүдэлчин соёл, Дорно Дахины урлалийн уламжлал хөрш соёл иргэншлүүдийн харилцан нөлөөлөл, хүн байгалийн харилцааны өвөрмөц мэдлэгийн тогтолцоотой холбогдох өргөн хүрээний судалгааны сэдэв юм.Энэ хурлаар манай музейн 60 жилийн түүхэн замналыг эргэн харахын зэрэгцээ өвийн талаарх бидний ойлголтыг шинэчлэх Монголын соёлын өвийг олон улсын шинжлэх ухааны түвшинд судлах чухал алхам болно” гэв.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нийт хамт олондоо түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье.