image
clock
2026-09-30
МОНГОЛ-ИТАЛИЙН ТҮҮХЭН ХЭЛХЭЭ ӨНӨӨ ЦАГТ МУЗЕЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ҮРГЭЛЖИЛЖ, ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭЛЭЭ

Урлаг бол хил хязгаар, хэл түүхийг даван туулах гайхамшигт хүчийг ямагт агуулсаар ирсэн байдаг. Чингис хаан Үндэсний музей Ромын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцлон толилуулж (2026.09.30) эхэллээ.

Энэхүү алдарт бүтээлүүд хэдэн мянган километр замыг туулан Чингис хаан Үндэсний музейд ирж, хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлдэг өөр цаг үеийн бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг олгож байна. Хоёр бүтээл нь хоёулаа хүний мөн чанар, түүний сэтгэл хөдлөл, нэр төрийг гайхамшигтайгаар дүрслэн харуулах онцгой чадвартай.

Тус үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун “Их далайн сав нутагт бүтээгдсэн гайхамшигт бүтээл нүүдэлчдийн уудам тал нутагт анх ирж байгааг билэгдэн үзэсгэлэнгийн нэрийг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрийдсэн. Бидний хамтарсан төсөл Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй Монгол-Итали хоёр улсын соёлын харилцааны илэрхийлэл болж байна. Торгоны замаар холбогдож ирсэн хоёр орны түүхэн хэлхээ өнөө цагийн музейн хамтын ажиллагаагаар ийнхүү үргэлжилж байна” хэмээн тодотгов.

Энэ үеэр Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти “Эдгээр хоёр бүтээл нь хүрэл болон будгаар бүтээгдсэн эд зүйлс биш, тэд дохио зурвасыг дамжуулагчид. Тэдгээрт Италийн бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл алсын харааны олон зуун жилийн түүх шингэсэн бөгөөд өнөөдөр тив дамнан аялж Монгол Улсын зүрхэнд Чингис хаан Үндэсний музейд өөрийн орон зайгаа олохоор шинэ аялалаа эхлүүллээ” хэмээв.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон урлаг судлаачид бусад албаны төлөөлөл урилгаар оролцлоо.

Тусгай үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл дэлгэгдэх бөгөөд, өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд”урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн боловсролыг олгоно.