image
clock
2026-10-22
ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БЕРЛИНД БОЛЛОО

ХБНГУ-ын Берлин хотын Хумболтын Их сургууль дээр Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын Олон Улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг (2026.10.21) амжилттай зохион байгууллаа.

XIII зуунаас хойших Монголын болон Монголын дараах үеийн Евроазийн соёлын олон талт, нарийн төвөгтэй байдлыг судлах, ялангуяа соёл ба байгаль орчны олон янзын орчинд ухагдахуун болон мэдлэгийн хэлбэрүүд хэрхэн түгэн дэлгэрч, эргэлтэд орж байсныг хурлаар хэлэлцүүллээ.

Хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголын эзэнт гүрний үеэс улбаатай Евразийн соёл хоорондын харилцаа, мэдлэгийн солилцоо, соёлын олон талт нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна”хэмээн хэллээ. Мөн хуралд Берлиний Хумболтын нэрэмжит Их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд ректор Беате Лүтке оролцож оролцогсдод амжилт хүслээ.

Хурлын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Чингис хаан судлалын олон улсын холбооны үйл ажиллагааг танилцуулж, Бонны Рейн Фридрих Вильгельмийн их сургуулийн багш Ян Бенманн "Хархорум: Эзэнт гүрний нийслэл хотыг хоосон тал газар дээр буй болгосон” үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, Европ, Азийн орнуудын олон нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.