image
clock
2026-10-23
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ӨВИЙГ СУДЛАХАД ЛЕЙПЦИГТ БОЛСОН ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Бичгийн их хүмүүн Д.Нацагдорж: өв, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Лейпцигийн Их сургуулийн Сенатын танхимд (2026.10.22) зохион байгууллаа.

Их зохиолчийн суралцаж байсан Лейпциг хотноо хурлыг зохион байгуулсан нь онцгой ач холбогдолтой болж байна. Хуралд Монгол, Герман, Унгар, Итали, Чех Улсын 23 эрдэмтэн, судлаач 17 илтгэл хэлэлцүүлж, нийт 50 орчим хүн оролцлоо.

Хурлын нээлтэд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Лейпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын хүрээлэнгийн захирал, профессор, доктор Йовита Крамер нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хурлын үеэр “Лейпциг хот нь их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн салшгүй нэг хэсэг юм. Д.Нацагдорж энэ хотод Европын шинжлэх ухаан, соёл, утга зохиолын орчинтой танилцсан нь түүнийг Монголын шинэ үеийн сэхээтэн, орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг болон төлөвшихөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн” гэдгийг хэллээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, дурсгалын самбарыг нээж, тус их сургуулийн Алтан дэвтэрт гарын үсэг зурж, түүх болон үлдээлээ.

Хурлаар Германд суралцсан үе ба Монгол судлалын түүх, Соён гэгээрүүлэгч, төр-нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн Д.Нацагдорж, Уран бүтээлийн судалгаа, Орчуулга, хэл, эх сурвалж зэрэг олон салбарыг хамарсан илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бол үндсэн илтгэлийг Бонны их сургуулийн профессор, доктор Инэс Штольпе “Д.Нацагдорж- харилцан нөлөөлөл ба шинжлэх ухаан харилцааны үйл явц болох нь” сэдвээр илтгэл тавив.

Энэхүү хурал нь их зохиолч Д.Нацагдоржийн өвийг олон улсын хэмжээнд судлах, сурталчлахад шинэ хувь нэмэр оруулахын зэрэгцээ, Монгол-Германы боловсрол, шинжлэх ухаан, соёлын зуун жилийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдолтой.