image
clock
2026-10-26
МОНГОЛЫН ӨВ, СОЁЛЫН ТҮҮХИЙГ ХАДГАЛСАН ФИНЛАНДЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗОЧИЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Финланд улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Финландын Үндэсний музейд зочлон, Монголын түүх, соёлтой холбоотой үзмэрүүдийг үзэж (2026.10.25) сонирхлоо.

Тус музейд Монголч эрдэмтэн Густав Рамстедийн цуглуулж ирсэн Монголтой холбоотой эд өлгийн зүйлс, түүний Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хайсан гүн нартай харилцсан захидлууд, Монголын эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын захидал,Сафари Палсигийн гэрэл зургийн сан хөмрөг хадгалагддаг байна. 

Энэ үеэр Мөн Чингис хаан Үндэсний музейгаас явуулж буй Чингис хаан монголын эзэнт гүрэнтэй холбоотой олон улсын үзэсгэлэн умард Европын улс орнуудад гаргахад дэмжихээ илэрхийлэв. 

Өмнө нь Финланд улсад Монгол Улсаас бие даасан үзэсгэлэн гарч байгаагүй бөгөөд, 2028 оны төгсгөлөөс Чингис хаан Үндэсний музейгээс "Чингис хаан" олон усын үзэсгэлэнг гаргахаар боллоо. 

Музейн Ерөнхий захирал Элина Анттила мөн тус үзэсгэлэнг Финланд Улсын Үндэсний музейн шинэ өргөтгөлд хийхээр бэлтгэж байгаагаа танилцууллаа. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Финландын Монгол судлаач ахмад эрдэмтдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулах үеэр Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг, Швед улсад Элчин сайдаар ажиллаж байсан доктор Б.Энхмандах, Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал, Академич С.Чулуун нар байлцав. 

Дашрамд мэдээлэхэд, Финландын Үндэсний музей чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх Финландын түүхийг харуулсан эд өлгийн зүйлс, соёлын түүхийн үзмэртэй бөгөөд Соёл, боловсролын яамны Өвийн агентлагийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг аж.