
Монгол-Орос улс нь түүх, соёл, улс төр, эдийн засгийн олон зууны харилцааны түүхэн ул мөрийг үлдээсэн, дэлхийн болоод бүс нутгийн түүхэнд томоохон байр эзэлсээр ирсэн.
Улс төр, соёл, нийгэм, эдийн засаг, соёлын харилцааны ул мөрийг эргэн харж, түүхэн сургамж, үнэт өвийг тодруулан судлах ажил сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд хоёр улсын шинжлэх ухаан, соёлын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны үр дүнд тасралтгүй явагдсаар байна. Тиймээс Чингис хаан үндэсний музейн санаачилгаар Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол-Орос: Хүмүүс, үйл явдал, баримтууд” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал (2026.11.12) өнөөдөр эхэллээ.
Түүхэн үйл явдлыг хүмүүс бүтээдэг бол тэдгээр үйл явдлын бодит дүр төрх, учир шалтгаан, үр дагаврыг баримт, эх сурвалжид тулгуурлан судалж байж бид түүхийн талаар илүү бодитой, шинжлэх ухаанч ойлголтод хүрнэ. Энэ утгаараа хоёр улсын харилцааны түүхэнд холбогдох архивын баримт, гэрэл зураг, захидал харилцаа, дурсамж, төрийн албан ёсны бичиг баримт, музейн үзмэр, эд өлгийн зүйлс нь хоёр орны харилцааны түүхийг шинээр харах, урьд өмнө судлагдаагүй асуудлыг тодруулах, түүхэн хүмүүсийн үйл ажиллагааг бодитой үнэлэх чухал эх сурвалж гэдгийг хурлыг нээж хэлсэн үгэндээ Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун тодотгов.
Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор Аликбер Калабекович Аликберовын мэндчилгээг дэд захирал нь дэвшүүлж, хурлын үр дүн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.
Тус хуралд Монгол-Оросын судалгааны байгууллагуудын 35 илтгэлийг салбар хуралдаанаар хэлэлцүүлснээс Монголын талаас 13, Оросын талаас 22 илтгэл оролцов.
Мөн хурлын үеэр ШУА-ийн ОУ-ын Харилцааны хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор,дэд профессор Д.Золбоо “Өнөөдрийн хурлын нэр нь гурван ойлголт түүхийг судлах бидний хандлагыг тодорхойлж байна. Харилцааны түүхийг гэрээ хэлэлцээр, төрийн шийдвэрийн зэрэгцээ түүний бүтээсэн хүмүүсийн үйл хэрэг, амьдрал туршлагаар баяжуулан судлах шаардлагатай. Ололт амжилтыг бодитой үнэлж, эээдрээтэй асуудлыг ч баримтад тулгуурлан нягтлах нь харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд тустайг хэлж байлаа.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун ШУА-ийн ОУ-ын Харилцааны хүрээлэнгийн захирал, профессор Д.Золбоо нарт Орос-Монголын хүмүүнлэгийн харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Оросын шинжлэх ухаан соёлын төвийн 50 жилийн ойн дурсгалын медаль гардуулав.
Талууд хурлын үр дүнд хоёр улсын ШУА-ийн салбар хүрээлэнгүүд, Чингис хаан Үндэсний музей хамтран эрдэм шинжилгээний хамтын бүтээл хэвлэн нийтлүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй.